/ ЭРХ ҮҮРЭГ / Цагдаагийн албаны тухай хуулиас

Цагдаагийн албаны тухай хуулиас

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

 

ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

 


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДЭМЖЛЭГ

ҮЗҮҮЛЭХ БОЛОН ИРГЭНИЙ БУСАД ХЯНАЛТ ТАВИХ

21 дүгээр зүйл.Иргэний зөвлөл

21.1.Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий 5-7 иргэний төлөөллөөс бүрдсэн орон тооны бус Иргэний зөвлөл аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд байна.

21.2.Засаг дарга Иргэний зөвлөлийн үйл ажиллагааг удирдаж, хяналт тавихгүй бөгөөд түүний хараат бус байдлыг хангах үүрэгтэй.

21.3.Иргэний зөвлөлийн гишүүнээр энэ хуулийн 21.4-т заасан шаардлагыг хангасан, тухайн нутаг дэвсгэрт сүүлийн таван жил оршин сууж байгаа, оршин суух бүртгэлтэй, Монгол Улсын иргэнийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гурван жилийн хугацаагаар томилно.

21.4.Иргэний зөвлөлийн гишүүн нь сүүлийн таван жил цагдаа, прокурор, шүүгчээр ажиллаж байгаагүй, ашиг сонирхлын зөрчилгүй Монгол Улсын иргэн байна.

21.5.Иргэний зөвлөл хараат бус ажиллаж, тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих үүрэгтэй.

21.6.Иргэний зөвлөл доор дурдсан бүрэн эрхтэй байна:

21.6.1.цагдаагийн байгууллагын төсвийн төсөл, зарцуулалт, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг сонсох;

21.6.2.цагдаагийн алба хаагчийн сургалт, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх үйл ажиллагаанд шинжлэх ухааны ололт, орчин үеийн техник, технологи, мэдээллийн сүлжээг нэвтрүүлэх бодлогын хэрэгжилтэд хяналт тавих;

21.6.3.цагдаагийн байгууллагын гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авах, бүртгэх ажилд хяналт тавих, тэдгээртэй холбоотой мэдээлэлд дүн шинжилгээ хийх;

21.6.4.цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх;

21.6.5.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг даргын хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулах.

21.7.Иргэний зөвлөл бүрэн эрхийнхээ хүрээнд иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон цагдаагийн төв байгууллагын дарга, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд тус тус санал, зөвлөмжөө хүргүүлнэ.

21.8.Иргэний зөвлөлийн даргыг зөвлөлийн гишүүд дотроосоо нэр дэвшүүлэн нууц санал хураалтаар гишүүдийн олонхын саналаар нэг жилийн хугацаагаар сонгоно.

21.9.Иргэний зөвлөлийн төсөв, гишүүдийн урамшлыг аймаг, нийслэлийн төсвөөс санхүүжүүлнэ.

21.10.Иргэний зөвлөлийн дүрмийг энэ хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

22 дугаар зүйл.Иргэний зөвлөлд хориглох зүйл

22.1.Иргэний зөвлөлд доор дурдсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

22.1.1.цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр оролцох;

22.1.2.улс төрийн үйл ажиллагаа явуулах.

23 дугаар зүйл.Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд тавих бусад хяналт

23.1.Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчид, Засаг дарга, төрийн хяналтын алба зөвхөн хуульд тусгайлан эрх олгосон асуудлаар цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавина.

23.2.Цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналтыг холбогдох хуулиар зохицуулна.

23.3.Цагдаагийн байгууллага, алба хаагчийн буруутай үйл ажиллагаа, шийдвэрээс эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж иргэн, албан тушаалтан үзвэл дотоод хяналт-аюулгүй байдлын нэгж болон прокурор, шүүхэд гомдол гаргах эрхтэй.

23.4.Цагдаагийн үйл ажиллагааны явцад иргэн, төрийн болон төрийн бус байгууллага эрх нь зөрчигдсөн гэж үзэж, хүсэлтээ гаргасан бол цагдаагийн байгууллага өөрийн гаргасан шийдвэр, үйл ажиллагааны талаар тогтоосон журмын дагуу мэдээлэл өгөх үүрэгтэй.

23.5.Иргэнийг баривчилсан, албадан саатуулсан, захиргааны хариуцлага хүлээлгэсэн тухай цагдаагийн байгууллагаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсний дараа уг ажиллагаа үндэслэлгүй болох нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр нотлогдвол цагдаагийн байгууллага 10 хоногийн дотор хэвлэл мэдээллийн хэрэгслээр залруулах үүрэгтэй.

23.6.Хүний эрх, эрх чөлөөг үндэслэлгүйгээр зөрчсөн бол цагдаагийн байгууллага уучлал гуйх бөгөөд зөрчигдсөн эрхийг сэргээж, учирсан хохирлыг Засгийн газар хариуцан арилгана. Хохирол барагдуулахад гарсан зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

 


ТАВДУГААР БҮЛЭГ
ОЛОН НИЙТЭД ТҮШИГЛЭСЭН ЦАГДААГИЙН

ҮЙЛ АЖИЛЛАГАА

24 дүгээр зүйл.Олон нийтийн цагдаагийн ажилтан

24.1.Нутгийн өөрөө удирдах байгууллага гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах ажилд олон нийтийн цагдаагийн ажилтан ажиллуулна.

24.2.Аймаг, нийслэлийн Засаг даргаас Иргэний зөвлөл, цагдаагийн байгууллагатай зөвшилцөн гаргасан саналыг үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал жил бүр олон нийтийн цагдаагийн ажилтны тоог тогтооно.

24.3. Цагдаагийн байгууллага 20 нас хүрсэн иргэнийг сайн дурын үндсэн дээр, Засаг даргаас ирүүлсэн саналыг үндэслэн олон нийтийн цагдаагийн ажилтнаар томилох шийдвэр гаргаж, гэрээ байгуулах ба уг гэрээнд хариуцах ажил, талуудын харилцан хүлээх үүрэг, урамшил, гэрээ цуцлах үндэслэлийг заана.

24.4. Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрэм, түүнд тавигдах шаардлагыг цагдаагийн төв байгууллагын дарга батална.

24.5. Олон нийтийн цагдаагийн ажилтан хууль сахиулах үүрэг гүйцэтгэхдээ хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хууль тогтоомжийг чанд сахиж, зөвхөн гэрээнд заасан үүргийг биелүүлнэ.

24.6. Олон нийтийн цагдаагийн ажилтан гэмт хэрэг, зөрчил гарсан газар, ул мөрийг хамгаалах, шаардлагатай этгээдийн баримт бичгийг шалгаж, оршин суугаа газрын хаягийг тогтоох, хэв журам сахих талаар иргэн, хуулийн этгээдэд шаардлага тавих, гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдийг түр саатуулах, цагдаагийн байгууллагад хүргэх эрхтэй.

24.7. Олон нийтийн цагдаагийн ажилтан гэмт хэргийн талаар цагдаагийн байгууллагад, зөрчил гарсан тухай төрийн холбогдох байгууллагад шуурхай мэдээлэх үүрэг хүлээнэ. Үүрэг гүйцэтгэж байгаа олон нийтийн цагдаагийн ажилтанд шаардлагатай холбооны болон хамгаалах тусгай хэрэгсэл тавьж олгоно.

24.8. Энэ хууль болон бусад хууль тогтоомжоор олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд олон нийтийн цагдаагийн ажилтны тавьсан шаардлагыг иргэн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй.

24.9. Олон нийтийн цагдаагийн ажилтны таних тэмдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас, нэг бүрийн тусгай хэрэгсэл, урамшил, сургалт явуулахтай холбогдсон зардлыг тухайн шатны Засаг дарга гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжид заасны дагуу санхүүжүүлнэ.

24.10.Олон нийтийн цагдаагийн ажилтныг үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулан доромжилсон, заналхийлсэн, бусад хохирол учруулсан, түүнээс тавьсан хууль ёсны шаардлагыг зориуд үл биелүүлсэн, эсэргүүцсэн этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

24.11.Олон нийтийн цагдаагийн ажилтан дараах үүрэг хүлээнэ:

24.11.1.хуулиар харьяалуулсан зөрчилд торгууль ногдуулах;

24.11.2.хууль тогтоомжийг иргэдэд тайлбарлан таниулах;

24.11.3.нийтийн хэв журам хамгаалах талаар хууль сахиулах байгууллага болон бусад хуулийн этгээдээс зохион байгуулж байгаа ажилд оролцох.

24.12.Олон нийтийн цагдаагийн ажилтныг сургаж, дадлагажуулах үүргийг цагдаагийн байгууллага хүлээнэ.

24.13.Энэ хуулийн 24.9-д заасан таних тэмдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцасны загвар, хэрэглэх журмыг цагдаагийн төв байгууллагын дарга батална.

25 дугаар зүйл. Иргэн, хуулийн этгээдтэй хамтран ажиллах

25.1.Нутгийн захиргааны байгууллагаас харьяа нутаг дэвсгэртээ гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулахад нь цагдаагийн байгууллага мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, хамтран ажиллана.

25.2.Цагдаагийн байгууллага нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд, иргэний туслалцаа, тэдний хамтын ажиллагаанд түшиглэн зохион байгуулна.

25.3.Цагдаагийн байгууллага, алба хаагч нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд иргэн, хуулийн этгээд дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажиллана.

25.4.Цагдаагийн байгууллага гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж болзошгүй шалтгаан, нөхцөлийг тогтоох, тэдгээрийг арилгуулах талаар иргэн, хуулийн этгээдэд хүлээсэн үүргийнх нь хүрээнд шаардлага тавьж биелэлтийг шалгах, шаардах, шаардлагатай танилцуулга, материалыг холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэнээс үнэ төлбөргүй гаргуулан авна.

25.5.Иргэн, хуулийн этгээд цагдаагийн байгууллага, алба хаагчийн тавьсан шаардлагын дагуу тодорхой арга хэмжээ авч, тогтоосон хугацаанд хариу мэдэгдэх үүрэгтэй.

25.6.Цагдаагийн байгууллага үйл ажиллагааныхаа талаар иргэдийн саналыг судалж, иргэний нийгмийн байгууллагатай хамтарч жил тутам дүн шинжилгээ хийнэ.

25.7.Цагдаагийн байгууллага зохих сургалтад хамрагдаж тэнцсэн, хэвлэл, мэдээллийн байгууллагаас цагдаагийн үйл ажиллагааг сурвалжлах, мэдээлэхээр тусгайлан томилогдсон ажилтантай хамтран ажиллана.

25.8.Энэ хуулийн 25.7-д заасан заалт иргэн, хуулийн этгээдээс хүний эрх, эрх чөлөө, байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хууль тогтоомжид нийтэд мэдээлэхийг хориглосноос бусад мэдээлэл авах эрхийг хязгаарлахгүй.

26 дугаар зүйл.Иргэн, байгууллага, албан тушаалтны үүрэг, туслалцаа

26.1.Иргэн, байгууллага, албан тушаалтан нь цагдаагийн байгууллага, алба хаагчийн хууль ёсны ажиллагаанд саад учруулахгүй байх, өөрийн хэн болохыг тодорхойлсон буюу холбогдох баримт бичгийг шалгуулах үүрэгтэй.

26.2.Иргэн, байгууллага, албан тушаалтан доор дурдсан чиглэлээр цагдаагийн байгууллагад туслалцаа үзүүлнэ:

26.2.1.гэмт хэрэг, зөрчил гарах нөхцөл бүрдүүлэхгүй байх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;

26.2.2.гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах талаар цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд оролцох;

26.2.3.гэмт хэрэг, зөрчил гарсан болон үйлдэхээр бэлтгэж байгаа, үйлдсэн этгээдийн талаар цагдаагийн байгууллагад шуурхай мэдээлэх;

26.2.4.гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлж байгаа цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх.

26.3.Энэ хуулийн 26.2.2-т заасан ажиллагаанд идэвхтэй оролцсон иргэнд холбогдох хуульд заасны дагуу урамшил олгож болно.

26.4.Иргэн, байгууллага, хамт олон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сайн дурын үндсэн дээр хууль тогтоомжид заасны дагуу цагдаагийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлж болно.

26.5.Цагдаагийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга бүх талын туслалцаа үзүүлэх үүрэгтэй.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

ө